Нийт монголчуудын эрүүл мэндийн төлөө

Монгол Улс нь 2030 он гэхэд байгаль орчин, экологийн тэнцвэрийг хадгалж, хүн амын дундаж наслалтыг нэмэгдүүлэн, ядуурлыг бууруулах зорилгуудыг хөгжлийн бодлогодоо тусган ажиллаж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) нь бүх нийтийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамруулах, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхийг зорисон стратегийн хүчин чармайлтыг дэмжин ажилладаг Монгол Улсын эрүүл мэндийн салбарын гол түнш байгууллага юм. ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн төвийн захирал Др Шин Ён-Сү, Монгол Улсын Эрүүл мэндийн сайд Др. Аюушийн Цогцэцэг нар Монгол Улсын Засгийн газар, ДЭМБ-ын 2017-2021 онд хамтран ажиллах стратегийн баримт бичгийг үзэглэх үйл ажиллагаа өнөөдөр ГХЯ-нд боллоо. Хамтын ажиллагааны баримт бичгийг үзэглэснээр ЭМЯ, ДЭМБ нь нийт монголчуудын эрүүл мэндийн төлөө хамтран ажиллахаа илэрхийлэв.

Сүүлийн жилүүдэд ДЭМБ нь үндэсний болон орон нутгийн эрх бүхий байгууллагуудтай хамтран Улаанбаатар хотын захын хороолол, хөдөөгийн алслагдсан хүн ам, болон нүүдлийн мал аж ахуй эрхэлж буй малчин түмэнд эрүүл мэндийн явуулын тусламж үйлчилгээг үр ашигтай үзүүлэхэд анхаарч байна. “Монгол Улс нь Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлж, хөдөө орон нутгийн малчид, Улаанбаатар хотод шилжин суурьшигчдаас авахуулаад нэг ч хүнийг орхигдуулахгүй, бүх нийтийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамруулах чин эрмэлзэлтэй байдгийг онцлон тэмдэглэхэд таатай байна” хэмээн Др. Шин хэллээ.

Монгол Улсын эрүүл мэндийн салбарт сүүлийн жилүүдэд ихээхэн ахиц дэвшил гарсан. 2000-2015 онд Монгол Улс нь эх, хүүхдийн эндэгдлийн түвшинг бууруулсан. Гэсэн хэдий ч сүрьеэ, эмэнд тэсвэртэй сүрьеэ, мөн вирүст гепатитын өвчлөлөөс шалтгаалсан элэгний өмөн өвчний тархалт Монголд өндөр хэвээр байна. Үүний зэрэгцээ зүрхний өвчин, цус харвалт, чихрийн шижин зэрэг халдварт бус өвчний дарамт нэмэгдэж байгаад мөн, агаарын бохирдол, ус, ариун цэврийн нөхцөл зэрэг эрүүл мэндэд нөлөөлдөг нийгмийн болон орчны хүчин зүйлсүүдэд анхаарал хандуулж ажиллах шаардлагатай байна. Эдгээр сорилт бэрхшээл нь хүн амын хэрэгцээнд нийцсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, эрүүл мэндийн тогтолцоог үргэлжлүүлэн бэхжүүлэх шаардлага байгааг илтгэж байна. Хүн амын эрүүл мэндэд тулгарч буй эрсдлийг бууруулахын тулд зөвхөн эрүүл мэндийн салбар гэлтгүй бусад салбарууд арга хэмжээ авах шаардлагатай. Тухайлбал, хот төлөвлөлтөөр авто-замын осол гэмтлийг бууруулах, эрүүл хүнс үйлдвэрлэх хөдөө аж ахуйн санаачилга хэрэгжүүлэх, өөрийн болон гэр бүлийнхээ эрүүл мэндийг хамгаалахад хэрэгтэй мэдээллийг олгодог боловсролын хөтөлбөрүүдийг гаргах нь чухал юм.

ДЭМБ, Эрүүл мэндийн яамны хамтын ажиллагааг дараагийн 5 жилийн хугацаанд удирдан чиглүүлэх зорилгоор Хамтын ажиллагааны стратегийн хүрээнд дараах гурван тэргүүлэх чиглэлийг баримтална. Үүнд:

  • Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бүх нийтэд хүртээмжтэй байлгах эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх. Үүнд: эрүүл мэндийн бодлого, санхүүжилт, мэдээллийн тогтолцоог бэхжүүлэх, зайлшгүй шаардлагатай эмийн хүртээмжийг сайжруулах, нянгийн тэсвэржилттэй тэмцэх, эрүүл мэндийн аюулгүй байдлыг үргэлжлүүлэн бэхжүүлэх.
  • Хүн төвтэй тэргүүлэх чиглэлийн нийгмийн эрүүл мэндийн хөтөлбөрүүдийг цогцоор нь хэрэгжүүлэх. Үүнд: халдварт болон халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах, эх, нялхас, хүүхэд, өсвөр үеийнхэнд чанартай тусламж үйлчилгээ үзүүлэх.
  • Нийт монголчуудын эрүүл мэндийг сайжруулах, эрүүл орчноор хангахын тулд олон салбарыг татан оролцуулах, эрүүл мэндийн асуудлыг төрийн бүх бодлогод тусгах, ингэхдээ түншлэл, салбар хоорондын хамтын ажиллагаа, зохицуулалтыг сайжруулахад анхаарах.

"Монгол Улсын Засгийн газар ДЭМБ-ын тууштай дэмжлэг, хамтын ажиллагааг өндрөөр үнэлдэг. 2030 он гэхэд хэрэгжүүлэх Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын дагуу тогтвортой хөгжилд хүрэх тодорхой алхмуудыг манай улс хийж байна. Энэхүү хамтын ажиллагааны стратеги нь бидний хамтдаа хийх ажлыг удирдан чиглүүлж, уг үзэл баримтлалын дагуу нийт монголчуудын эрүүл мэндийг сайжруулахад хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна" хэмээн Эрүүл мэндийн сайд Др. А.Цогцэцэг дүгнэж хэллээ.

Нэмэлт мэдээллийг дараах хаягаар авна уу:

Тогоодойн Амаржаргал
Хэвлэл мэдээллийн ажилтан
Эрүүл мэндийн яам
Утас: +51264923
Цахим хаяг: amarjargal9899@gmail.com

Лхагвасүрэнгийн Номин
Эрүүл мэндийг дэмжих, хэвлэл мэдээллийн асуудал хариуцсан мэргэжилтэн
ДЭМБ-ын Монгол улс дахь Суурин төлөөлөгчийн газар
Утас: +(976) 11 327870
Цахим хаяг: lkhagvasurenn@who.int