Эх хүүхдийн эрүүл мэнд

Монгол Улсын Засгийн Газар Мянганы Хөгжлийн Зорилтуудын 5 дахь зорилтыг нэн тэргүүнд хэрэгжүүлэхийг зорьсон. Төрөхийн өмнөх тусламж үйлчилгээг сайжруулж /87.7%/, төрөх үеийн тусламж үйлчилгээг /99.8%/ туршлагатай эх баригч нар гардан хүргэж байгаа нь үр дүнд хүрэх гол нөхцөл болсон. Гэсэн хэдий ч хөдөлгөөнт болон шилжин суурьшиж байгаа хүн амын дундах эхчүүдэд хүргэх тусламж үйлчилгээ тулгамдсан асуудал хэвээрээ байна. Сүүлийн хоёр арван жилд эхийн эндэгдлийг тууштай бууруулахад олон улсын болон үндэсний олон хамтрагч байгууллагууд тодорхой үүрэг амлалт авч, дэмжлэг үзүүлсээр байна. Эхийн эндэгдэл 2008 оны үзүүлэлтээр 100 000 амьд төрөлтөд 49 тохиодолдол бүртгэгдсэн. Эхийн эндэгдлийн тохиолдол орон нутаг болон хотод маш том зөрүүтэй байна. Ялангуяа баруун бүсийн зарим алслагдсан аймагт эхийн эндэгдэл 100 000 амьд төрөлтөд 213-365 тохиолдож байна. Энэ нь нийслэл Улаанбаатар хотынхоос 4-6 дахин их аж. Өөр нэг харамсалтай үзүүлэлт нь сүүлийн таван жилд өсвөр насандаа төрөх нь нэмэгдэж байгаа явдал юм. Өсвөр насандаа төрж байгаа тохиолдол хөдөөд 26.3%, аймгийн төвүүдэд 18.3%, Улаанбаатарт 5.3% гэх мэт харилцан адилгүй байна. МХЗ-уудад тусгагдсан тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг бууруулах /1000 амьд төрөлт тутамд 29.2/, нялхасын эндэгдлийг бууруулах / 1000 амьд төрөлт тутамд 22.0/ зорилтод 2006 онд хүрч чадсан. Харин сүүлийн хоёр жилд эхийн эндэгдэл болон тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл нэмэгдсэний дийлэнх нь дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямрал, томуугийн цар тахал гарсантай холбоотой байв. Зорилтот өвчнүүдийн эсрэг дархлаажуулалтыг тууштай хийсэн, орон даяар ХӨЦМ хөтөлбөр хэрэгжүүлсэн, хүүхдэд ангир уургыг нь амлуулах, хөхөөр хооллох, олон найрлагат бичил тэжээл өгөх, А, Д аминдэмүүдийг уулгах зэргээр нярай болон бага насны хүүхдийн хоол тэжээлийг сайжруулах гэх мэт бага өртөгтэй, өндөр үр дүнтэй урьдчилан сэргийлэлт хийсний үр дүнд суулгалт өвчин, амьсгалын замын халдвар, хоол тэжээийн дутал, улаанууд зэрэг өвчнөөс шалтгаалсан хүүхдийн нас баралт эрс буурсаар байна. Нярай хүүхэд эхний 28 хоногтоо нас барж байгаагаас дийлэнхи нь эхний долоо хоногт тохиолдож, нялхасын нийт нас баралтын 70% орчмыг эзэлж байгааг бууруулж, нярайн эрүүл мэндийг сайжруулснаар хүүхдийн нас баралтыг тогтоон барих ба цаашид багасгаж чадах юм. Нас баралтад хүргэж байгаа гол шалтгаан нь амьсгалын замын цочмог өвчин, хүйн халдвар, ургийн гажиг болж байна.


Стратегийн тэргүүлэх чиглэлүүд


Холбогдох ном хэвлэл