Хөтөлбөрийн үндэслэл

Сүүлийн арваад жилийн хугацаанд Монгол улсын хүн амын эрүүл мэндийг сайжруулахад тууштай ахиц дэвшилт гарч байна. Мянганы хөгжлийн зорилтуудад заасан Эх хүүхдийн эрүүл мэндийн зорилтуудад хүрэхийн төлөө ажиллаж байгаагийн зэрэгцээ халдварт өвчин ялангуяа вакцинаар урьдчилан сэргийлэгддэг халдварт өвчний тархалт багассан хандлагатай гарсан.

Өнөөдрийн байдлаар зүрх судасны өвчлөл, чихрийн шижин, цус харвалт, хавдар, осол гэмтэл зэрэг ХБӨ-үүд нас баралтын гол шалтгаан болж байна. Архи тамхины хэрэглээ, зохисгүй хооллолт, хөдөлгөөний дутагдал зэрэг амьдралын буруу дадал хэвшлээс үүдэлтэй эрсдэлт хүчин зүйлсийн нөлөө улам нэмэгдсээр нөхөн үржихүйн насны хүмүүсийн гэнэтийн үхлийн шалтгаан болсоор байна.

Агаар бохирдож, ундны ус, ахуйн ариун цэвэр доройтож, химийн аюулгүй байдал алдагдаж байгаа нь ялангуяа төвлөрсөн хот суурин газарт нийгмийн эрүүл мэндийн байдлыг муутгаж байна. Хөдөөгөөс хот чиглэсэн, хотыг тойрсон шилжилт хөдөлгөөн хурдсаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүртээмжтэй байж чадахгүйд хүрчээ.

Хүн амын эрүүл мэндийг сайжруулахаар Засгийн газраас үндэсний бодлого, стратеги, төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж байгаа хэдий ч анхаарал хандуулах хэд хэдэн чухал асуудал байгаа юм. Эдгээр нь хот хөдөөгийн хүн амын эрүүл мэндийн ялгаатай байдал, хүний нөөцийн болон хөрөнгө оруулалтын хангалт, хуваарилалт жигд биш, гамшиг онцгой байдлын үеийн бэлэн байдал, хариу үйлдэл үзүүлэх чадвар хангалтгүй зэрэг юм.

Монгол Улсын Засгийн газраас Эрүүл мэндийн салбарын Мастер төлөвлөгөөтэй уялдуулан боловсруулсан дараагийн зургаан /2010-2015/ жилд хэрэгжүүлэх Стратегийн хөтөлбөрт дараахи зүйлүүд тусгагджээ:

  • • Үндэсний түвшинд Засгийн газар болон үндэсний хөрөнгө оруулагчид, хамтрагч талуудтай ДЭМБ-аас бүрэн зөвлөлдсөний үндсэн дээр улс оронд тулгарч байгаа эрүүл мэндийн болон хөгжлийн зорилтуудыг тодорхойлсон байдал
  • • Хөгжлийн бусад хамтрагчдаас эрүүл мэндийг хөгжүүлэхэд оруулах хувь нэмэр, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаан дахь тодруулах болон орхигдсон асуудлууд, 2008-2009 онуудын дэлхийн эдийн засгийн хямралаас үүдэж болзошгүй хор хөнөөлийн үнэлгээ
  • • ДЭМБ-ын хамтын үйл ажиллагааг Хамтын Ажиллагааны өмнөх Стратегийн хэрэгжилтийн хүрээнд болон бусад чиглэлээр нягталж, тусгасан сургамжууд
  • • ДЭМБ-ын харьцангуй давуу тал
  • • ДЭМБ-ын Ажлын Ерөнхий Хөтөлбөр, Дунд Хугацааны Стратеги Төлөвлөгөөнд тусгагдсан стратегийн зорилтууд, бүсэд болон дэлхий нийтээр баримталж байгаа бусад тэргүүлэх чиглэл, хандлагууд

Дараагийн зургаан жилд баримтлах Хамтын Ажиллагааны Стратегитай уялдуулан гаргасан ДЭМБ-тай хамтран ажиллах тэргүүлэх таван чиглэл:

  • - Анхан шатны тусламж үйлчилгээг сайжруулснаар эрүүл мэндийн системийг бэхжүүлэх
  • - ХБӨ, осол гэмтэл, хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтаас урьдчилан сэргийлэх, хяналтыг нэмэгдүүлэх
  • - Мянганы Хөгжлийн Зорилтуудад заасан эрүүл мэндийн түвшинд хүрэх үйл ажиллагааг эрчимжүүлэх
  • - Халдварт болон вакцинжуулалтаар урьдчилан сэргийлж болох өвчний хяналтыг сайжруулснаар эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах
  • - Орчны эрүүл мэндийн менежментийг сайжруулах