Бидний үйл ажиллагаа

Бидний зорилго, зорилтууд

Монгол дахь ДЭМБ-ын Суурин төлөөлөгчийн газар нь Монголын хүн амын, нэн ялангуяа алслагдсан дүүрэг болон хөдөөгийн эмзэг, ядуу бүлгийн хүн амын эрүүл мэндийг дээшлүүлэх, нийгмийн сайн сайхан байдлыг хангахын төлөө ЭМЯ, Засгийн газрын бусад байгууллагууд, олон улсын хамтрагч байгууллагууд, төрийн бус байгууллагуудтай нягт хамтран ажилладаг. Бид нийгмийн эрүүл мэндийг голлон анхаарч, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг дэмжих замаар наслалтыг уртасгах, амьдралын чанарыг сайжруулах, өвчлөгсдийг эмчлэх, хөгжлийн бэрхшээлд өртөгсдийг сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлэх зорилтуудад хүрэхээр ажиллаж байна.

Бидний манлайлал

Бид гамшиг, онцгой байдал болон өвчний цар тахлын аюул тохиолдсон үед нэгдсэн үйл ажиллагаа явуулах талуудыг холбон зангидаж, нэн чухал мэдээлэл, мэдлэгийг түгээж, нийгмийн эрүүл мэндийн норм, стандартуудыг нэвтрүүлж, хөдөөгийн алслагдсан нутагт хүргэх техникийн дэмжлэгт шинжилгээ хийж, эрүүл мэндийн нөхцөл байдал, чиг хандлагын хяналт үнэлгээг хийдэг. Манай байгууллага НҮБ-ын системийн төрөлжсөн агентлаг бөгөөд улс төрөөс хараат бус, хүний эрхийг дээдэлсэн, хүйсийн тэгш байдлыг хангасан, ялгаварлан гадуурхалтаас ангид үйл ажиллагаа явуулдаг. ДЭМБ-ын Суурин төлөөлөгч нь тухайн орон дахь Суурин төлөөлөгчийн газрыг тэргүүлж, үйл ажиллагааг нь удирдан явуулдаг.

Бидний үүрэг

Бид 1962 онооос Монгол улсад үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд эх, хүүхдийн эндэгдэл өндөр байгааг бууруулах, гэдэсний суулгалт өвчин, амьсгалын замын өвчин, сүрьеэ зэрэг халдварт өвчнүүдээс шалтгаалсан нас баралтыг бууруулахад ихээхэн хувь нэмэр оруулж ирсэн. Дээрхи шалтгаанууд сүүлийн арван жилд Монголчуудад зовлон бэрхшээл учруулж байв. Бид Мянганы Хөгжлийн Зорилтуудад хүрэх замаар Монголын нийт хүн амын эрүүл мэндийг сайжруулахын төлөө Монгол улсын Засгийн газар ялангуяа ЭМЯ, бусад олон улсын болон үндэсний төрийн бус байгууллагатай нягт хамтран ажиллах үүрэгтэй.

Бидний ажил

Бидний стратегийн зорилтууд ЭМЯ-ны идэвхитэй, шууд оролцоотойгоор мөн Засгийн газрын бусад салбарууд, манай олон улсын болон үндэсний хамтрагч талуудын оролцоотойгоор боловсруулан гаргасан ДЭМБ-ын Хамтын Ажиллагааны Стратеги 2010-2015-д тодорхой тусгагдсан байдаг. Стратегийг 2010 онд болсон Дэлхийн эрүүл мэндийн Чуулган дээр ДЭМБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Номхон Далайн Баруун Бүсийн Захирал, Монгол Улсын Эрүүл мэндийн сайд нар гарын үсэг зурж, баталгаажуулсан байдаг.

Бид дараахи таван тэргүүлэх чиглэл дээр төвлөрөн ажиллана. Үүнд:

  • - Анхан шатны тусламж үйлчилгээг сайжруулснаар эрүүл мэндийн системийг бэхжүүлэх
  • - ХБӨ, осол гэмтэл, хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтаас урьдчилан сэргийлэх, хяналтыг нэмэгдүүлэх
  • - Мянганы Хөгжлийн Зорилтуудад заасан эрүүл мэндийн түвшинд хүрэх үйл ажиллагааг эрчимжүүлэх
  • - Халдварт болон вакцинжуулалтаар урьдчилан сэргийлж болох өвчний хяналтыг сайжруулснаар эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах
  • - Орчны эрүүл мэндийн менежментийг сайжруулах